2024.12.30 - 2025.01.03

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Чиний зөв үедээ олж байгаа мөнгө болон буруу үедээ

алдаж байгаа мөнгө чинь их чухал."

- Жорж Сорос

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,271.15 нэгжид хүрч 0.80 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, 40 сая ам.долларын ногоон бонд болон 10 сая ам.долларын нийгмийн бондыг 2025 оны 01 сарын 02-ний өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 50 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай босголоо.
  3. Монгол Улсын гадаад валютын нөөц 2024 оны 12-р сарын байдлаар 5.5 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь жилийн өмнөх үеэс 11.81 хувь өссөн үзүүлэлт юм. Тус үзүүлэлт нь мөн бүх цаг үеийн хамгийн өндөр түвшин боллоо. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 2024 онд нийт 57 удаа бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчилж 23 хувийн өсөлт үзүүллээ . Тус индекс нь 2023 онд 24 хувийн өсөлт үзүүлсэн ба ийнхүү 2 жил дараалж 20 хувиас дээш өссөн нь 1998 оноос хойших анхны тохиолдол болж байна. Сүүлийн 2 жилийн өндөр өсөлтөд зах зээлийн үнэлгээ том технологийн компаниудын өндөр өсөлт гол нөлөөг үзүүллээ.
  2. 2025 онд эдийн засгийн өсөлт болон компаниудын ашиг ажиллагааны өсөлт үргэлжлэх хүлээлттэй байна. Мөн Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаа тул зах зээлийн үргэлжилсэн өсөлтөө хадгалах төлөвтэй байна. 
  3. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трампын хүлээгдэж буй бодлогын шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал үүсгэж байна. Ерөнхийлөгчийн худалдааны тарифын бодлого болон хөдөлмөрийн зах зээл дэх цагаачлагчтай холбоотой бодлогод чухал өөрчлөлт оруулах өндөр магадлалтай байна.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Европын зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Europe 600 индекс 0.20 хувь, FTSE 100 индекс 0.91 хувийн тус тус өсөлттэй байлаа. 
  2. Испани улсын 12-р сарын инфляцын түвшин 2.4 хувиас өсөж 2.8 хувьд хүрлээ. Бензин, түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляцын түвшин өссөн байна. Хоол хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин мөн 2.4 хувиас өсөж 2.6 хувьд хүрсэн байна.
  3. Европын төв банкны бодлого тодорхойлогч АНУ-ын худалдааны тарифын бодлого болон эрчим хүчний үнийн өсөлтийг харгалзан үзэж бодлогын хүүг бууруулахдаа болгоомжтой хандах шаардлагатай байгааг онцоллоо. Бодлого тодорхойлогчдын тооцооллоор 2025 онд инфляц 2 хувийн зорилтот түвшинд хүрэх замдаа явж байгаа аж.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 0.96 хувь, TOPIX индекс 0.60 хувийн тус тус уналттай хаагдлаа. Тус индекс 2024 онд 20 хувь орчмын өсөлттэй хаагдсан ба энэ нь том зургаараа компаниуд хувьцаагаа халаасалсан болон иений ханшийн сулрал экспортлогч компаниудын ашигт ажиллагаанд эергээр нөлөөлсөн зэрэг эерэг нөлөөнүүдтэй холбоотой байлаа.
  2. Япон улсын иений ханш 2024 онд ам.долларын эсрэг 11 орчим хувиар суларлаа. Хөрөнгө оруулагчид Япон улсын төв банкийг валютын ханшийн сулралын эсрэг бодлогын хүүгээ өсгөх эсвэл интервенц хийхийг хүлээж байна. Төв банкны мөнгөний бодлогын сүүлийн хурлын тэмдэглэлээс харвал бодлого тодорхойлогчид бодлогын хүүг ойрын хугацаанд өсгөх боломжийг талаар хэлэлцээд байгаа юм.
  3. Япон улсын 12 сарын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI 49.6-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Япон улсын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI 2024 оны 7-р сараас хойш бууралттай байгаа хэдий ч 12-р сарын байдлаар бууралтын эрч саарч эргэн өсөх гэж буй дохиог өглөө.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх эдийн засгийн үзүүлэлтүүд бууралттай гарсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 5.55 хувь, CSI 300 индекс 5.17 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
  2. БНХАУ-ын 12-р сарын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI 50.3 - 50.1-д  хүрч буурсан үзүүлэлттэй гарлаа. Үйлдвэрлэлийн бус PMI-ийн хувьд 50.0 - 50.2-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа. Caixin 12-р сарын үйлдвэрлэлийн салбарын идэвхжилийг илэрхийлэх PMI 51.5 - 50.5-д хүрч бууралттай гарлаа. 
  3. БНХАУ-ын шилдэг 100 барилгын компанийн 12-р сарын борлуулалтын дүн сарын өмнөх үеэс 24.2 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. 

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ

ЦААСНЫ АРИЛЖАА

Бид 2023 оны 8-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа харилцагч, хөрөнгө оруулагчдынхаа ам.долларын чөлөөт эх үүсвэрийг үр ашигтай байлгах үүднээс AA+ зэрэглэл бүхий АНУ-ын Засгийн газрын бондыг санал болгож эхэлсэн билээ.

Тус бондын гол давуу тал нь дотоодын ТОП 5 арилжааны банкны ам.долларын хадгаламжийн хүүгээс өндөр бөгөөд хөрөнгө оруулагчдад богино хугацаанд өндөр өгөөж хүртэх боломжийг олгодогт оршино.

Тус давуу тал нь зах зээлд өндөр эрэлтийг бий болгож бид 2024 онд нийт 322 сая ам.долларын АНУ-ын Засгийн газрын үнэт цаасыг арилжааллаа.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.23 хувиас 6.90 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.70 хувь байна. 


Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.49 хувиас 10.63 хувийн хооронд арилжаалагдаж байна. 


Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ТЖТБ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД НИЙТЭД САНАЛ БОЛГОСОН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛНЭ

 2025.01.03


Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/4265 тоот тогтоолын дагуу "ТЖТБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан "Green recycle" бондын хөтөлбөрийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, транч 2-ын хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс GRB-BD-03/01/28-C0081-10 кодтойгоор эхлүүлэхээр боллоо.


Дэлгэрэнгүй

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН 2024 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

 2024.12.31


"Монголын хөрөнгийн бирж" ХК 2024 онд нийт 250 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 1 их наяд 406.12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжлаа.

Үүнд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа 317.52 тэрбум  төгрөг, өрийн хэрэгслийн арилжаа 896 тэрбум төгрөг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа 146.63 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа 10.89 тэрбум төгрөгт хүрсэн нь тус үнэт цаас бүрийн арилжааны хувьд түүхэн дээд үзүүлэлт боллоо.


Дэлгэрэнгүй